Соёлын биет бус өв

Elements

Монгол бичиг

Улс :
Монгол
ЮНЕСКО-гийн томоохон домайнууд :
Амны уламжлал, хэллэг, тэр дундаа хэл нь биет бус соёлын өвийн хэрэгсэл болох
Байршил :
Тархац Монгол Улсын бүх аймагт бий.
Томилогдсон жил :
2019
Тодорхойлолт :
Монгол Улсын ББСӨ-ийн Төлөөллийн үндэсний жагсаалтын “Эх хэл, аман уламжлал, илэрхийлүүд” айд багтсан өв. Өнө эртний соёл, түүхийн уламжлалт Монгол үндэстэн 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээс хамгийн эртний бөгөөд нийт монгол туургатанд хэрэглэгдэж ирсэн бичиг бол монгол бичиг юм. Монголчууд бараг VIII зууны үед Согдоос бичиг авсан гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ үзлийг баримталбал монголчууд бичиг соёлын 1000 гаруй жилийн түүхтэй ард түмэн юм. Монгол бичгийг худам монгол бичиг /удам гэсэн монгол үгнээс, худма-эш зарлиг гэсэн согд үгнээс гаралтай/, хуучин монгол бичиг /шинэ зүйл авах бүр урьд хэрэглэгдэж байснаа хуучин гэж нэрлэдэг ёсоор/, босоо бичиг /хэлбэрийн талаас/, мөнх тэнгэрийн бичиг, хөх тэнгэрийн бичиг /бэлгэдлийн талаас/, уйгаржин бичиг /уйгараар дамжуулан согдоос авсан эсвэл уйгар монгол 2 зэрэг авсан гэсэн үзлээс/ гэж нэрлэх нь бий. Монгол бичиг нь нийт монгол туургатны хэл аялгуунд төгс нийцдэг бөгөөд 24 үсэгтэй, үсэг бүр нь үгийн эхэн, дунд, адагт ордог өөр өөр зурлагатай. Мөн монгол бичигт о,у болон ө,ү эгшиг, ха,га болон хэ,гэ, д,т хийгээд ж,з гийгүүлэгчийг ижил хэлбэрээр тэмдэглэдэг нь олон аялгууны /өндөр-үндэр, соёл-суюл, халзан-галзан, засах-ясах гэх мэт/ авиа зүйн онцлогтой нарийн нийцдэг. Бурхны шашинт Энэтхэг, Төвд зэрэг улстай соёлын харилцаа өргөжихөд 1587 онд Аюуш гүүш “Али-гали” хэмээх /али-эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн утга бүхий санскрит үг/ гадаад үг, нэр томьёог тэмдэглэх тусгай үсэг зохиожээ. Ингэснээр монгол бичгээр санскрит, төвд, хятад зэрэг гадаад хэлний үгийг тэмдэглэхэд хялбар болсон байна. Монгол бичиг нь хүн төрөлхтний соёлын түүхэнд монгол түмний оруулсан үнэт өв юм.
Холбогдох ном зүй:
Батттогтох.Д “Монгол бичгийн гайхамшиг оршвой”, УБ,
Булаг.Б “Монгол үсэг бичгийн товч түүх” Хөх хот, 1983 /монгол бичгээр/
Буусияан “Монголчуудын үсэг бичгийн түүх”, Монгол хэл утга зохиол сэтгүүл №2, 1981
Гаадамба.Ш /монгол бичгээр сийрүүлсэн/ “Монголын нууц товчоо”, УБ, 1990
Жаргалсайхан.Ц “Соёлын лавлах товчоон”, УБ, 2015
Лхагвасүрэн.Д, Буянтогтох.Г, Чулуунбаатар.Л, “Монгол бичгийн нийгмийн үүрэг” /ХХ зууны хориод оноос хойших үе/, УБ, 2013
Лувсанбалдан.Х, Шагдарсүрэн.Ц “Монголчуудын үг хэллэг, үсэг бичгийн түүх гарлаас”, 1988
“Монгол бичгийн зөв бичих зүйн толь”, Мон судар хэвлэлийн газар, УБ, 2013
Надмид.Ж “Монгол хэл, түүний бичгийн түүхэн хөгжлийн тойм”, УБ, 1967
Ринчен.Б “Монгол бичгийн хэлний зүй”, Тэргүүн дэвтэр, Удиртгал, УБ, 1964
Ринчен.Б “Монгол бичгийн хэлний зүй”, Дэд дэвтэр, Авиан зүй, УБ, 1966
Ринчен.Б “Монгол бичгийн хэлний зүй”, Гутгаар дэвтэр, Хэлбэр судлал, УБ, 1966
Ринчен.Б “Монгол бичгийн хэлний зүй”, Дөтгөөр дэвтэр, Өгүүлбэр зүй, УБ, 1967
Сүхбаатар.Г “Хүннү бичигтэй байсан тухай”, ШУАМ, УБ, 1967, №2
Түвшинтөгс.Б, Баттогтох.Г, Боролзой.Д, Ганбаатар.Ж “Монгол бичиг номын өв”, УБ, 2017
Шагдарсүрэн.Ц “Монголчуудын утга соёлын товчоон” УБ, 1991
Шагдарсүрэн.Ц “Монголчуудын бичиг үсгийн товчоон” УБ, 2004
Шагдарсүрэн.Ц “Монгол үсэг зүй” УБ, 1981
Утга :
Монгол үндэстний хэл, бичиг соёл, түүх, оюун сэтгэлгээ, үндэсний өвөрмөц байдлыг хадгалан уламжлуулах үндсэн хэрэгсэл юм. Мөн монгол туургатны олон аялгууг тэмдэглэх, түүхэн ном судар, бичгийн дурсгалыг хадгалах, хойч үед өвлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Дамжуулах арга :
Шавь сургалт
Мэдээллийн эх сурвалж :
Соёлын өвийн үндэсний төвийн СББӨ-ийн сангаас оруулав. БМСанч Г.Туул